7:39 PM Аквариумаа хийж эхлэх үедээ | |
Аквариум бүрт тоотой хэдэн загас хийж болдог. Хэрвээ энэ тооноос илүү их загас хийвэл системийн тэнцвэр алдагдан, янз бүрийн бэрхшээл үүснэ. Загасанд чөлөөтэй сэлгүүцэн сэлж болох зай хэрэгтэй байдаг. Байгаль дээрх шиг нөхцөл бүрдүүлэхийн тулд аль болох том аквариум сонгосон нь дээр. Учир нь ийм хэмжээтэй аквариум дахь усны гадаргын эзлэх хэмжээ ч их байдаг тул хүчилтөрөгч солилцох явц илүү сайн байна. Мөн аквариум жижиг байх тусам дулаан өөрчлөгдөх, ямар нэг зүйл хувирахад ч загасанд амархан нөлөөлдөг бол том аквариумтай байхад бараг мэдэгддэггүй. Загасанд хэр их талбай хэрэгтэй вэ? Үүнийг тооцоолохын тулд загасны хэмжээг авах хэрэгтэй. Ойролцоогоор 2 см орчим урттай загасанд 4-5 л ус хэрэгтэй байдаг. Гэвч зарим төрлийн загасны хувьд энэ нь тохирдоггүй. Хэт их загастай аквариум нь загасны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Хүчилтөрөгч багадах учир үүнийг тохируулах хэрэгтэй болдог. Ийм тохиолдолд загаснууд агаар амьсгалахын тулд байн байн усны гадаргад гарч ирнэ. Түүнээс гадна олон загасыг хамт тэжээхэд янз бүрийн өвчинд амархан өртөмтгий болдог байна.
Аквариумдаа ямар төрлийн загас хийхээ бодох нь маш чухал. Үүний тулд тухайн төрлийн загасны хэрэгцээ, усны онцлог, тухайн загаснууд бие биедээ зохицох эсэх болон юугаар тэжээдгийг нь хүртэл сайн мэддэг байх хэрэгтэй. Жишээ нь байгальд бусдаараа хооллодог хоёр төрлийн загасыг хамтад нь нэг аквариумд хийх нь ухаангүй хэрэг болно. Ийм загаснууд аквариумын дотор амьд үлдэх эсэх нь үнэхээр хэцүү болох юм.
Загасыг өдөрт 2 удаа хооллодог. Загасыг тусгай хуурай хоолоор тэжээж болно. Энэ хоол нь төрөл бүрийн загасанд зориулан тусгайлан бэлтгэсэн тэжээл байдаг. Хэт их хоол өгвөл загас өвчлөхөөс гадна аквариум амархан бохирддог. Хэрэв өгсөн хоолыг хэдхэн минутын дотор идэж барахгүй байгаа бол хэтрүүлжээ гэсэн үг юм. Ер нь загас хоол тэжээл ховор байсан ч удаан хугацаагаар амьдарч чаддаг. Үүнээс гадна загасандаа амьд хүнс болгож шорвог усны сам хорхой (Artemia), усны нохой бөөс (Daphnia) болон Tubifex авгалдай өт зэргийг өгч болдог. | |
|
Бид тань илүү их хэрэгцээт мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.
Нийт сэтгэгдэл: 0 | |
|